Monday, March 4, 2013

Баян

Би зүгээр л нэг онгирчихмоор санагдаад болж өгөхгүй юм. Өөрөө өөртөө бол байнга онгирно, байнга бодно, нуруугаараа иржис хийтэл би төсөөлөн боддог. Надад эгч ах дүү төрүүлж өгсөн аав ээждээ би хамгийн түрүүнд баярлах. Бас намайг өөрсдийнхөө хүүхэд болгож төрүүлсэнд бүр их баярлах. Санаад залгахад "Сайн уу миний охин" гээд намуухан дугараад хөнгөхөн гунигийг минь хөвсөлзтөл дэнслүүлдэг тэр сайхан аав ээж бол ганцхан бид 4ийнх. "Юу байна аниагийн дүү, сайн уу анай, хичээл нь сайн уу агаан дүү, ядраагүй биз дээ" гээд ярьцгаах тэр сайхан ах дүүс бол аав ээжийн минь бид бүгдэд өгсөн хамгийн сайхан бэлэг. Өглөө босоход 4 аяга зөгийн балтай буцалсан бүлээн ус эгнүүлээд тавьчихсан за гялс гялс ууцгаагаад цайгаа ууна шүү гээд л.. Энэ их хэцүү даваа байдаг байж билээ. Бид 4 бүгдээрээ яагаад ч юм буцалсан ус уух дургүй, чихэр амтагдсанг бол бүр ч уухгүй. Анай хамгийн том нь болохоор хамраа чимхэж байгаад уриалаад ууна шүү дээ. Бид яахав эгч тэгж байхад дагаж байгаа юм чинь. Гээд л ярьвал зөндөө сайхан дурсамж. Ямар гоё юм бэ та нар минь. Би одоо л мэдэрч байна. Урьд нь хамтдаа байхдаа анзаардаггүй байж. Зүгээр хайртай гэж бодож байх ёстой мэтээр явдаг байж. Дурсамжаа бодох төдийд л би инээж бас нулимс тороод ирэх юм. Би заримдаа ядардаг. Зүгээр л суугаад эсвэл юу ч бодохгүй дээшээ тэнгэр ширтээд хэвтчихмээр юм шиг тийм тэнэг мэдрэмж. Тэр мэдрэмжээс ангижруулж өгдөг хүчтэй энерги бол та нар. Аав ээж надад амьдрал зааж, аниа надад юм оёхыг зааж, агаа дүү 2 надад тэвэг тоглохыг заасан гэхдээ биллиард л заалгуулах байсийн хэхэ. Мэдэхгүй ээ зөндөө л их юм бичмээр байх юм гэвч бүхий л амьдралаа бичих болчих гээд байдаг. Ямар ч байсан та хэддээ л би хайртай. Хайр гэдэг зүйлийг гүн утгаар нь мэдэхгүй  ч гэсэн тэр мэдрэмжийг гадарлаж байгаа болохоор ХАЙРТАЙ гэж хэлэе. Удахгүй уулзаад хамтдаа өнгөрүүлсэн мөчөө дурсаж ирээдүйд өнгөрүүлэх агшинаа ч гэсэн ярилцаж сууцгаанаа бүгдээрээ.

Saturday, March 2, 2013

Тэд хаачив



Ясанд тултал жиндүүлэх хүйтэн, ходоод хорсон огиулах мэдрэмж төрүүлэх өлсгөлөн, өвдөлт, хувь тавиландаа голдоо ортол гомдсон сэтгэл... Хорвоогийн нэгэн өдөр ингэж эхэллээ. Хүмүүсийн хувьд өнгөрч буй мөч хором цаашлаад шинэ өдөр ямар сайхан, ямар үнэ цэнэтэй, амьдрах ямар сайхан байдгийг мэдрүүлдэг бол түүний хувьд ердөө л нэг өдөр. Өдөр шөнө гэж байдаг юмуу? Ялгаа нь нэг нь харанхуй, хүйтэн, нөгөө нь гэрэлтэй бас арай дулаахан. Учир нь нар байдаг болохоор. Хорвоогийн нар бүгдийг ялгалгүй дулаацуулдаг нь сайхан юм даа.
Надад сэжүүр алга. Харин хардалт бол хангалттай байна. Би тэднийг өрөвдсөндөө бичих гэсэнгүй. Бидэнд өнөөдөр хэдий үеэс, хичнээн хүүхэд тэнэмэл, траншейний гэх тодотголтойгоор нийгэмд амьдарч байсан нь сонин биш. Ямар ч байсан өчнөөн байсан өнөөдөр төдхөөн болсон. Яагаад?
Нэг удаа оройтож харьж яваад тэнэмэл хүүхдүүдэд дээрэмдүүлэх шахаж билээ. Түүнээс хойш тэднээс айсандаа үзэн ядах сэтгэл төрж бүр далд ороосой гэж бодож байсан минь саяхан. Гэтэл одоо “Тэд хаачив” гээд бичиж суух өөрөөсөө би яагаад гэдэг асуулт тавилгүйгээр бичие.
-Тэд хаачив? Тэр хүүхдүүд өдийд том болчихсон. Шил лааз цуглуулаад архидаад яваа нөхдүүд чинь тэд юм шүү дээ гэж хүмүүс яриад байналээ. За тэгвэл тэд бүгд том болоод аав ээж болоод архиа уух нь уугаад амьдралаа аваад явах нь аваад л яваа юм байна. Эсвэл?
-Тэд хаачив? Тэд төр засгийн ивээлд ороод асрамжны газруудад өсөж бойжсоон, одоо санаа зоволтгүй. -Нээрээ юм уу. Тийм бол бичихээ болилоо шүү. Заа боль доо би итгэхгүй байна.
-Тэд хаачив? Тэд бүгдээрээ нэгдээд нэг том байшин бариад тэндээ эв найртайгаар бие биеэ хайрлаад чамаас ч сайхан амьдарч байгаа шд. - Одоо ингэж тоглох цаг алга даа найз минь юмаа үргэлжлүүлэе.
Тэд хаачив? Тэд одоо тайван нойрсож байгаа. Тэд цөөн цөөнөөрөө хар машинтай хүмүүстэй хамт явсан, тэгээд эргэж ирээгүй. Тэд бичиг баримт гаргаж өгөөд гадаадад очиж сайхан амьдруулая гэж хаанаас ч юм гарч ирсэн бирд шиг хүмүүстэй яваад яг л дэнлүү рүү дагаад орчихсон уу гэлтэй алга болсон. Тэдний эд эрхтэн амьдарч байгаа байх харин бие цогцос, зовж шаналж байсан сэтгэл зүрх нь харин байхгүй магадгүй одоо амгалан болсон байх. Манай улс Орос, Хятад хэмээх 2 том гүрний дунд оршдог. Энүүгээр юу хэлэх гээд байна вэ гэвэл шинжлэх ухаан технологи өргөнөөр хөгжсөн тэдгээр орнууд хүнийг бараг шинээр үйлдвэрлэж байна. Үүнийг дагаад хүний эд эрхтний наймаа газар авсан гэдэг. Тухайлбал ОХУ-д ахимаг насны хүмүүсийн цусыг юүлж залуу хүний цусаар сэлбэдэг хувийн эмнэлэгүүд олон байдаг гэх, урд хөрш болох БНХАУ-д эмэгтэйчүүдийг хороож шинэхэн цогцсыг нь зардаг нарийн зохион байгуулалтай сүлжээний гэх залуус баригдаж байсан нь саяхан шүү дээ. 2 хөрш оронд өрнөж буй эдгээр үйл явц манай оронд шууд хамааралтай гэх тухай яриаг би уншиж байсан. Хараа хяналтгүй, өмгөөлөх хамгаалах хууль тэд нарт үйлчилдэггүй болохоор зарим нэг араатан шиг нөхдүүдийн олз болсон нь тодорхой. Хатуу бөгөөд үнэн гэвэл энэ л байх байх. Шинжлэх ухаан илтээр хөгжиж, соёлжиж байгаа энэ нийгмээс би айж байна. Үүнийг дагаад нөгөөх олон зүйлээрээ адгуус амьтнаас ялгараад гоцроод байдаг хүн гэгч бид техникээ дагаж роботжоод байгааг анзаарч байна. Нэг хэсэг хүмүүсийн сэтгэл гэх зүйл алга болж, хүмүүсийн тархи оюун ухаан зөвхөн мөнгө гэгч нэг л зүйлээр програмчиллагдаж байгаа юм шиг надад харагдаж байна. Хүн өнөөдөр яагаад араатан шиг нэгнээ тасчиж, худалдаж, хүсэл тачаалаа хангах болов. Нэгнээ худалддаг боолын нийгэм байсаан манай ертөнцөд. Гэхдээ тэр үед нэгнээ хэсэгчиж худалддаггүй зөвхөн хөдөлмөр эрхлэлтийн хувиар худалддаг байсныг бид жирийн нэг түүхийн ном эсвэл аль нэг киноноос үзэж болно. Гэхдээ хууль, эрх зүй ярьвал төр засаг гээд ярих хэрэг болно. Төр засаг гэвэл түүнээс уялдаад зөндөө сэдэв сөхөгдөнө. Бид одоо хэн нэгнийг буруутгаж зөвтгөөд нэмэргүй. Зөвхөн цаашдаа бид бие биеэ хайрлаж хамгаалж, нэг нэггийхээ  сэтгэлд итгэлийн гал өрдөх нь чухал. Би ямар нэг сэдвийг бүхлээр нь бичих дургүй, учир нь маш олон өрнөл оршдог болохоор чаддаг ч үгүй. Тийм болохоор ингээд зогслоо.
За үүний эцэст би юу хэлэх үү . Би гэж үү? Би уг нь би гэмээргүй л байна. Учир нь би ганцаараа юу ч бүтээж чадахгүй, бид бүгдээрээ хамтаараа монгол улсын ирээдүй болох хөгжингүй бөгөөд бие биеэ хайрладаг тэр МОНГОЛ улсын шинэ дүр төрхийг бий болгож чадна гэдэгт итгэж байна.


Пүрэвдоржын Энхцэцэг.